Бид ихэнхи тохиолдолд маш богино хугацаанд загварлаг, чанартай, баялаг контенттой вэбсайттай болох хүсэлтэй хэрэглэгчидтэй тааралддаг. Шинээр хэрэгжүүлж эхлэх гэж буй болон идэвхжүүлэх гэж буй маркетингийн үйл ажиллагааны шахуу төлөвлөгөөнөөс үүдэлтэйгээр үүсэх энэхүү асуудалд хэрэглэгчдээ буруутгах боломжгүй юм. Бид ч мөн иймэрхүү хурдан хугацаанд чанартай вэбсайтыг заримдаа амжихгүй хугацаандаа хийж амжилгүй удаах тохиолдол чамгүй их гардаг. Тиймээс энэ удаад өөрсдийн зүгээс богино хугацаанд ч бай гол нь цагтаа дуусгахын тулд урьдчилан ямар зүйлсийг анхаарсан байх талаар зөвлөе.
1. Хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй байх
Захиалагчдын маань ихэнхи нь вэбсайтынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн тодорхойлоогүй байх тохиолдол их байдаг. Ихэнхидээ ерөнхий, бөөрөнхийлсөн хариулт хэлдэг нь явцын дунд маш олон удаа эргэж буцах шалтгаан болдог. Учир нь анхандаа зөвхөн компанийн танилцуулга, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, мэдээлэл мэдээлэл байрлах энгийн танилцуулга вэбсайт хийнэ хэмээн ярих ч явцын дунд хүнийн нөөцийн хэсэг, нээлттэй ажлын байр, онлайн анкет гэх мэт нэмэлт хэрэгцээ, шаардлагууд гарч ирдэг. Энэ бүхэн анхнаасаа тооцоогүй ажил байдаг тул нэмэлт хугацаа шаардлагатай болдог.
Вэбсайтаа хөгжүүлэхээс өмнө дараах асуултуудын хариултыг тодорхой болгоорой.
- Та ямар зорилгоор вэбсайт хөгжүүлж байгаа вэ?
- Та вэбсайтын үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?
- Танай вэбсайт руу хандах хэрэглэгчид хэн бэ?
- Вэбсайтын бүтэц & агуулга нь юу вэ?
- Жишээ болгох вэбсайтууд юу вэ?
2. Компани доторх санаа нэгдээгүй байх
Вэбсайт хөгжүүлэлтийн ажилд захиалагч байгууллагаас олон хүн оролцдог. Жижиг байгууллагуудын хувьд захирал болон хариуцсан менежерүүд ихэвчлэн оролцдог бол томоохон байгууллагуудын хувьд алба хэлтэс бүрийн төлөөллүүдээс бүрдсэн баг ажилладаг. Гэвч вэбсайт хөгжүүлэлтийн ажилд оролцож буй хүн бүрийн харах өнцөг, мэдрэмж ондоо байдаг. Зарим нь орчин үеийн шинэлэг загвар дизайн хүсэх бол зарим нь энгийн илүү албаны загвар дизайн хүснэ, бүр зарим нь загвар дизайн чухал биш ээ гол нь хэрэглээтэй байх хэрэгтэй гэх мэт маш олон санаа шийдэл гарч ирдэг. Энэ бүгдийг анхнаасаа нэгтгээгүйгээс үүдэн явцын дунд аль нэгний санаанаас нөгөө нэгний санаа руу шилжсээр вэбсайтын ажил удаашрах шалтгаан болдог.
3. Контент хангалтгүй буюу бэлэн биш байх
Байгууллага бүр л өөр өөрсдийн вэбсайтаа шинэлэг, бусдаас ялгарсан өвөрмөц байлгахыг зорьдог. Мэдээж үүнийгээ илэрхийлэх хамгийн сайн арга бол тэрхүү санааг нь илэрхийлж чадахуйц ижил төстэй гадны сайтуудыг судлах юм. Харилцагчид маань гадаадын баялаг контенттой, өнгө үзэмж сайтай вэбсайтуудыг жишээ аван үзүүлдэг ч анзааралгүй орхигдуулдаг зүйл бол харилцагчдын маань вэбсайтад ашиглагдах контент нь дээрх шаардлагыг хангахуйц бэлэн байна уу? гэдэг асуудал. Гадаадын өнгөлөг, загвар дизайн сайтай вэбсайтуудын хувьд тухайн вэбсайтдаа зориулсан зураг авалт, контент агуулгын урьдчилан бэлтгэсэн байдаг бөгөөд энэ ч хурдан хугацаанд хүссэн үр дүндээ хүрэхэд тусалдаг.
4. Вэбсайтын ажилд оролцох ажлын бүрэлдэхүүн өөрчлөгдөх
Бидний хамтран ажилласан төслүүдээс нийтлэг харагддаг вэбсайт хөгжүүлэлтийн ажил удаашруулдаг нэг хүчин зүйл бол вэбсайт хөгжүүлэх ажлын бүрэлдэхүүн өөрчлөгдөх буюу захиалагч талаас хариуцан ажиллах ажилтан солигдох явдал байдаг. Энэ нь өмнө нь ярьсанчлан цоо шинэ санаа бодол, цоо шинэ хүсэл зорилготой хүн орж ирснээр дахин бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагатай болгодог. Тиймээс вэбсайтаа цагт нь дуусгах үүднээс вэбсайт хөгжүүлэлтээ хүнээс хамааралтай бус компанийн нэгдмэл сонирхол, зорилгод тулгуурласан шийдэл дээр төвлөрөн хөгжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй юм.
5. Нэг дор төгс бүтээл гаргах гэж зорих
Хүн бүхэн л хийлгэж буй вэбсайтаа төгс байлгахыг хүсдэг. Бид ч мөн харилцагч байгууллагынхаа вэбсайтыг байж болох хамгийн сайнаар гаргахыг хичээдэг. Гэхдээ ТӨГС гэдэг өөрөө харьцангуй ойлголт мөн тогтмол бус зүйл. Цаг үеэ даган ямагт өөрчлөгдөж байдаг. Харилцагчид маань төгс вэбсайт гаргахыг зорин олон дахин эргэж буцаж, оролцож үзэх нь ажлаа хугацаандаа дуусгахад саад болдог. Ингэж их өөрчлөлт хийж, хугацаа алдан олон нийтэд танилцуулсан вэбсайт маань бидний хүссэн шиг төгс биш байвал яах вэ? Тиймээс бид вэбсайтаа өөрсдийн төсөөлөлд байдаг төгс бус хэрэглэгчдийн хувьд хамгийн хэрэгцээт байх хувилбараар хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл. Энэ тал дээр бидний баримталдаг арга барилын тухай нийтлэлийг энд дарж уншаарай.
Эцэст нь дээрх хүчин зүйлсээс бидний туршлагаар хамгийн том нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь контентын бэлэн биш байдал юм. Хэрэв та байгууллагын вэбсайтаа шинээр хөгжүүлэхээр шийдэж эхэлсэн ч агуулгаа хэрхэн бэлтгэх, боловсруулахаа мэдэхгүй цаг алдаж байгаа бол манай вэбсайт хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна. Учир нь бид вэбсайт хөгжүүлэлтийг бүр эхнээс нь буюу та бүхний вэбсайтын зорилго,үнэ цэнийг тодорхойлон түүнд хүрэх агуулгын хамтран боловсруулж ажлаа эхлүүлдэг.