Бид өмнө нь маш олон удаа вэбсайт бол нэрийн хуудас төдий танилцуулга биш энэ бол маркетингийн хэрэгсэл, борлуулалтын цахим суваг гэж хэлж байсныг өмнөх нийтлэлүүдийг маань хэрэв та уншиж байсан бол анзаарч байсан байх. Яагаад гэдгээ ч мөн өмнөх нийтлэлүүдээр нэлээн их дурдаж байсан учраас энэ удаад вэбсайтын автоматжуулалт нь борлуулалтад хэрхэн нөлөөлдөг талаар та бүхэнтэй хуваалцъя.
1. Боломжит худалдан авагчдын мэдээллээ цаг алдалгүй бүртгэнэ
Вэбсайт автоматжуулалтын хүрээнд бид үйлдэлд дуудах (call-to-action буюу CTA) товч, газардах хуудас ( Landing Page), форм, баярлалаа хуудаснуудыг тухайн байгууллагын хэрэглэгчдийн сонирхол, үйлдэл, дадалд тохируулан вэбсайтад байршуулдаг. Ингэснээр та байгууллагын үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг сонирхож буй сэжим буюу боломжит худалдан авагчдын мэдээллийг цуглуулж CRM дээр бүртгэж чаддаг. Мөн үүнийг бид Slack аппликейшн ашиглан хариуцсан борлуулалтын ажилтны гар утас руу сонордуулга ( notification ) байдлаар хүргэдэг.
2. Цаг алдалгүй хэлцлийн харилцаа эхлүүлэх боломжтой
Вэбсайт дээр байршуулж буй формуудаас хамааран хэрэв тухайн хэрэглэгч үйлчилгээний үнийн санал авах форм бөглөсөн тохиолдолд CRM дээр автоматаар deal буюу хэлцэл үүсэх бөгөөд борлуулалтын ажилтан хэн юуг сонирхсон болон хэрхэн түүнтэй харилцахаа мэдэх боломж бүрддэг.
Үр дүнд нь хэдийд ч хаанаас ч хэрэглэгч вэбсайтаар дамжин танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах эсвэл худалдан авахаар холбогдоход борлуулалтын ажилтан цаг алдалгүй мэдэн холбогдох боломж бүрддэг.
3. Мэдээллийг тогтмол автоматаар хэрэглэгчид хүргэнэ
Борлуулалтын ажилтан хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг ойлгуулан таниулах гэж багагүй хугацааг зарцуулдаг. Харин вэбсайт дээр шинээр нийтлэгдэх мэдээллүүдээ имэйл маркетинг шийдлүүдтэй холбосноор цаг алдалгүй зорилтот хэрэглэгчид рүү хэрэгцээт мэдээллүүдийг автоматаар хүргэх боломжтой болдог.
Үр дүнд нь борлуулалтын ажилтан өдөр бүр заавал утсаар эсвэл биеэр уулзан мэдээлэл өгөх шаардлагагүйгээр мэдээллээ үе шаттайгаар хэрэглэгчид хүргэх боломжтой болно.
4. Хэрэглэгч юу сонирхож, хаана анхаарал буйгаар тэднийг илүү сайн таних боломжтой болно.
Вэбсайтын аналитик түүл болох google analytic, hot jar зэргийг ашиглан хэрэглэгч хэдийд хаанаас хандаж байгаагаас гадна яг ямар мэдээлэл сонирхож, вэбсайтын аль хэсэгт анхаарал хандуулж буйг нь мэдэх замаар тухайн хэрэглэгчид юуг илүү сонирхож, юунд илүү их анхаарал хандуулж мөн аль үйлчилгээ илүү эрэлттэй байгаа зэргийг мэдэх боломжтой болдог. / Гэхдээ зөвхөн вэбсайтаар хандаж буй хэрэглэгчдийн хувьд гэдгийг анхаарах хэрэгтэй /
5. Бусад борлуулалтын сувгуудтай уялдуулж болно
Хамгийн том давуу тал бол вэбсайтаа хөгжүүлэхдээ маркетинг, борлуулалтдаа зориулан хөгжүүлж бүрэн автоматжуулсан бол вэбсайт 24 цагийн турш тасралтгүй үр дүнтэй ажиллах борлуулалтын суваг тул бусад борлуулалтын сувгуудаа ч мөн аль болох вэбсайттай уялдуулж ажиллуулах боломжтой. Жишээ нь чатботоо харилцаж буй хүн үнийн санал авах хүсэлт гаргахаар болоход вэбсайт руу чиглүүлэх, дэлгэрэнгүй мэдээллийг болон холбоотой мэдээллийг вэбсайтаас татан хэрэглэгчид харуулах гэх мэт…
Тэгэхээр вэбсайтын үр дүнг илүү сайжруулая гэвэл давхар автоматжуулах тал дээрээ бид мөн анхаарах хэрэгтэй байх нь. Гэхдээ автоматжуулалт гэдгийг хүндээр хүлээж авахгүйгээр эхний ээлжинд дээрх хэдэн боломжуудын хүрээнд хийсэн байхад борлуулалтын ажилд бодит үр дүнгээ өгөх боломжтой.