Интернэт, үүлэн тооцоолол, сошиал медиа, хиймэл оюун, ухаалаг утас зэрэг орчин үеийн технологийн дэвшлүүд бизнесүүд борлуулалтаа өсгөх бодит боломжуудыг бий болгож байна. Энэ нийтлэлээр өнөөдөр аль ч байгууллага ажил хэрэг болгоод эхэлж болох бодит боломжуудаас танилцуулж байна.
Вэб сайтаа борлуулалтын идэвхтэй суваг болгох
Ихэнх байгууллагууд вэб сайтдаа компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгын мэдээлэл оруулаад орхичихдог. Хааяа нэг мэдээ оруулдаг нь хэрэглэгчдийн сонирхлыг тэгтлээ татахгүй. Энэ нь компанийн вэб хуудсыг хэрэглэгчдийн хувьд сонирхолгүй зүйл болгочихдог. Хэрэглэгч төвтэй бус хэт бүтээгдэхүүн төвтэй гэсэн үг.
Стратегийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэх фирм McKinsey компаний сайтаар зочлоод нэг үзээрэй. Хиймэл оюун, авьяасын удирдлага, манлайлал, өгөгдлийн шинжилгээ гэх мэт зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй үнэ цэнэтэй мэдээллүүдийг юун түрүүн олж харна.
Вэб сайтаа үнэ цэнэтэй контентоор баяжуулан зочилж буй боломжит хэрэглэгчийг худалдан авалтын замаар нь хөтлөх нь борлуулалт хийдэг суваг болгон хөгжүүлэхэд тусална. Худалдан авалт хийх шатанд орж ирсэн хэрэглэгчдэд харин бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл авах, бүртгүүлэх, захиалах, цаг авах, үнийн санал авах хүсэлт гаргах, худалдан авалт хийх, холбоо барих, чатлах гэх мэт үйлдлүүд хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Сошиал борлуулалт
Линкедин, твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал медиа сувгуудаар зөвхөн маркетинг ч бус борлуулалт бас хийх боломжтой. Сошиалаас боломжит худалдан авагчдыг олж хүрэн, үнэ цэнэтэй харилцаа үүсгэснээр итгэлийг нь хүлээх, улмаар борлуулалт хийхийг сошиал борлуулалт гэдэг. Жишээ нь:
-
- Сошиал орчинд экспертийн нөлөөллөө хөгжүүлэх. Өөрийн салбараа мэддэг сэтгэлгээний манлайлагч болох нь борлуулалтын харилцаа үүсэх үүд хаалгыг нээнэ. Зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй, үнэ цэнэтэй контентуудыг сошиал сувгуудаараа хуваалцах, тодорхой сэдвүүдээр харилцаа, яриа өрнүүлэх хэрэгтэй.
-
- Зорилтот хэрэглэгчдийг олж тогтоох, хамааралтай яриаг чагнах, сонсох. Би Твиттерт байнга ороод байдаггүй тул маркетинг, борлуулалтын сэдвээр яриа болох үед сануулга авахаар тохируулна. Линкединтэйгээ өөрийн харилцагчид болон боломжит худалдан авагчийн мэдээллийн сан болох CRM-аа холбосноор найз болох, контент, зар сурталчилгаагаа хүргэх, харилцаа үүсгэх боломжоо өсгөдөг.
-
- Фэйсбүүк комментыг борлуулалтад ашиглах. Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааны пост дээр үнэ, мэдээлэл авъя зэрэг коммент их бичдэг. Хурдан хариу бичих, мессенжерээр нь мэдээлэл өгөх хэрэгтэй. Чатбот ашиглаж автоматжуулах нь борлуулалтаа нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит худалдан авагчтай илүү хурдан холбогдох
Байгууллагуудын оффис, үйлчилгээний салбар, дэлгүүр, шоурүүм дээр ирэх үед борлуулалт хийх үйл явц харьцангуй жигдэрсэн байдаг. Харин боломжит худалдан авагч сонирхлоо илэрхийлэх үед хурдан шуурхай холбогдон ажиллах дээр алдаа, доголдол их байдаг.
Судалгаагаар боломжит худалдан авагч сонирхлоо илэрхийлснээс хойш 5 минутын дотор утсаар ярих 1 цагийн дараа утсаар ярих хоёрын ялгаа 10 дахин зөрүүтэй байдаг. Нэг хоногийн дараа бол амжилттай холбогдоод борлуулалтын хэлцэл үүсгэх магадлал бүр 60 дахин багасдаг байна.
5 минутын дотор холбогдох гэдэг нь үргэлж боломжтой зүйл биш. Гэвч аль болох хурдан холбогдох нь чухал. Удах тусам утсаа авах, сонирхох магадлал буурах төдийгүй өрсөлдөгчийг аль хэдийн сонгочих ч магадлалтай.
Сонирхож буйг нь яаж тэр даруйд мэдэх вэ? Мөн холбоо барихад хэрэг болох утас, мессенжерийг хэрхэн олж авах вэ? Энд технологийн дэвшлийн хэрэг гарна. Жишээ нь:
-
- Дээр дурдсан танилцуулга татах, үнэ авах хүсэлт гаргах үед утас, и-мэйл зэрэг мэдээллийг вэб сайтын формоор эсвэл чатаар авч болно. Үүнийг фэйсбүүк сурталчилгаагаар ч хийж болдог.
-
- Мессенжерийн чатбот ч гэсэн хэрэглэгчээс утасны дугаар асууж мэдээд борлуулалтын ажилтанд харин уг сэжимтэй холбоо барих сонордуулгыг илгээж чадна.
-
- Дээр дурдсанаар фэйсбүүк пост дээр коммент бичингүүт чатбот автоматаар мэдээлэл өгөх нь үнэ, мэдээлэл авъя гэж бичсэн хэрэглэгчдийг алдахгүй борлуулахад тусалдаг.
-
- Байгууллагын дуудлага зохицуулах (жишээ нь CallPro) шийдэл нэвтрүүлснээр дуудлага хуваарилах, гар утсанд шилжүүлэх, ярианы бичлэг хийх, алдсан дуудлагыг сонордуулга авах зэргээр алдагдсан боломжуудыг багасгадаг.
-
- Make гэх мэт холболтын програм ашигласнаар гар утсандаа ирж буй дуудлагуудын дугаарыг автоматаар авах боломжтой.
Борлуулалтад дижитал технологи нэвтрүүлэх, автоматжуулах
Дижитал технологийг борлуулалтад ашиглах нь ихэнх тохиолдолд борлуулалтын ажилтанг 100% бүрэн орлоно гэсэн үг биш, харин түүнд тусалж дэмжинэ, бүтээмжийг нь өсгөнө, ажлыг нь илүү оновчтой болгоно гэж ойлгож болно. Ухаант хүн сайн чаддаг хэдий ч машин, робот хийхэд хэцүү зүйлс бий. Харин хүнд хэцүү атал машин маш сайн хийчихдэг зүйлс үүлэн технологи, хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ зэрэг технологийн дэвшлүүдийн ач тусаар олширсоор л байна.
Борлуулалтад технологи ашиглах зарим жишээ дурдвал:
-
- Цахим худалдааны шийдэл нэвтрүүлэх. Хэрэглэгч онлайнаар худалдан авалт, төлбөр тооцоо хийх боломжуудыг нээх.
-
- Онлайнаар танилцуулга татах, цаг авах, уулзалт товлох, захиалга хийх, үнэ авах хүсэлт гаргах, демо, видео танилцуулга авах боломжуудыг бий болгох.
-
- Байгууллагын утасны дуудлагын зохицуулах шийдэл ашиглах. Дуудлагыг зөв хуваарилах, дуудлага алдалтыг багасгах, алдсан дуудлагын араас эргэн залгах, дуудлагын бичлэг болон лог үүсгэх, шинжилгээ хийх, тайлаглах зэрэг нь борлуулалтаа өсгөхөд тусалдаг. Манай Монголд CallPro байгууллагын дуудлага зохицуулах шийдлийг өргөн ашигладаг.
-
- Мессенжерийн чатбот ашиглах. Хүмүүс компанитай мессенжерээр харилцах хандлага улам өсөж байна. Хэрэглэгчтэй тэр даруйд нь олон зэрэг харилцаа үүсгэх боломж хүний хувьд хязгаарлагдмал. Харин чатбот олон хэрэглэгчидтэй, түргэн шуурхай харилцаа үүсгэж чадна. Мессенжерээр хандсан хэрэглэгч худалдан авалт хийхээр сонирхож байгааг тодорхойлоод бүтээгдэхүүн, үнэ, хямдрал урамшуулал, хаяг байршил, цагийн хуваарийг танилцуулах, улмаар борлуулалтын ажилтанд шилжүүлнэ.
-
- Амжилттай борлуулалт хийх магадлалыг үнэлэх, чанартай сэжмүүдийг борлуулалтын багт руу хуваарилан шилжүүлэх.
CRM систем нэвтрүүлэх
“CRM (Customer Relation Management) буюу Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог.”
Википедиа нэвтэрхий толь
CRM системгүй байгууллагын борлуулалтын үйл ажиллагаанд ямар асуудлууд тулгардаг талаар Байгууллагын борлуулалтад түгээмэл асуудлууд нийтлэлээс танилцаарай. Танай компанид CRM программ хэрэгтэй болсны шинж тэмдгүүд байгаа эсэхийг анзаарч хараарай.
CRM нэвтрүүлснээр дараах үндсэн шалтгаануудаас борлуулалт нэмэгддэг.
-
- Хэрэглэгчдийн мэдээлэл, утсаар ярьсан болон уулзсан тэмдэглэл, илгээсэн болон хүлээн авсан и-мэйл, чат, цаг хугацаатай хийх ажлууд, хэлцлийн явц зэрэг бүхий л өгөгдөл, мэдээллийг CRM системд үүсгэх, ашиглах нь богино хугацаанд илүү борлуулах боломж олгодог. CRM систем нь утас (байгууллагын болон гар), и-мэйл, мессенжер, вэб сайт, хуанли гэх мэт харилцааны сувгуудтай холбогдон автоматаар өгөгдөл үүсгэх боломжтой байдаг.
-
- Мессенжер, и-мэйл, мессежээр удаа дараа илгээдэг мэдээллийг темплэйт болон сниппет загварт оруулснаар борлуулалтын ажилтны бүтээмж өснө.
-
- Борлуулалтын ажилтнууд хэнтэй, хэзээ, хэд утсаар ярьж, уулзсан, и-мэйл илгээсэн хийж буй хэлцлүүд нь хэр явцтай явж байгааг шууд хянах, тайлагнах боломж нь бизнесийн шийдвэрүүдийг өгөгдөлд суурилан, түргэн шуурхай гаргах боломжийг олгоно.
-
- Боломжит худалдан авагчдын сэжмүүдийг түргэн шуурхай олж тогтоон холбогдон ажилласнаар борлуулалтад алдагддаг боломжуудыг багасгах.
-
- Маркетингийн үр өгөөжийг (ROI) борлуулалтын үр дүнгээр хэмжсэнээр юу болсон, юу болоогүйг илүү бодитой дүгнэх, борлуулалтаас бий болсон өгөгдлийг ашигласнаар маркетингийн кампанит ажил, зар сурталчилгааг илүү оновчтой хийх боломжтой.
ХОЛБООТОЙ: Борлуулалтаа нэмэгдүүлэх арга, боломжууд – 1
Хэрхэн ажил хэрэг болгох вэ?
Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцаарай.
Амжилт хүсье.