Skip links

Яагаад борлуулалтад CRM нэвтрүүлэх хэцүү байдаг вэ?

Яагаад борлуулалтад CRM нэвтрүүлэх хэцүү байдаг вэ?

Хуваалцах

Компаниуд ялангуяа дунд, том бизнесүүд борлуулалтын үйл ажиллагаандаа CRM нэвтрүүлэх гээд амжилтгүй болох нь түгээмэл. Харин яагаад? Шийдэл нь юу вэ?

Байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн систем амжилттай нэвтрүүлэхэд амаргүй. Ялангуяа CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем. Энд технологи гэхээс илүүтэйгээр хүний хүчин зүйлс саад болдог. Өчнөөн хөрөнгө оруулалт хийгээд сайн програм авчихдаг, даанч хэрэглэхгүй байсаар эцэст нь үргүй зардал болоод дуусдаг.

Санхүү бүртгэлийн программ ч төвөгтэй, гэхдээ л хэрэглэхгүй, тоо өгөгдлөө оруулахгүй бол хуулиар шаарддаг тайлангууд гарахгүй тул яаж ийгээд нэвтрүүлдэг. Нягтлангууд оюутан байхын л программ ашиглах ёстойг ойлгочихсон, заалгачихсан байдаг. Харин их дээд сургуулиудын хөтөлбөрт харин CRM нэг их заагаад байдаггүй.

Өөрчлөлтөд дургүй

CRM систем борлуулалтын менежерийн харилцагчидтайгаа ажиллах гол хэрэгсэл нь болдог. Гэтэл практикт?

“Утсан дээрээ харилцагчдынхаа дугаарыг хадгалчихдаг. Болоод л байдаг шүү дээ. И-мэйл үү? Outlook дээр хайгаад олчихно. Ер нь excel байхад бараг бүгдийг хийнэ дээ.”

“Эргэж холбогдохоо яаж мартахгүй байх вэ гэж үү? Утсан дээрээ сэрүүлэг тавьчихдаг.”

“Хэнтэй хэзээ уулзахаа яаж төлөвлөдөг, мартахгүй байдаг юм бэ гэж үү? Шинэ жилийн бэлгэнд ирсэн дэвтэрт хуанли бий шүү дээ.”

Шийдэл:

      • Гар утас, утасны дэвтэр, и-мэйл зэрэг аль хэдийн ашиглаад дадал болсон хэрэгслүүдийг нь CRM системтэй холбож өгөх хэрэгтэй. Өдөр бүр хэрэглэдэг болоход сэдэл болно.

      • Тухайн харилцагчийн өгөгдөл энд тэнд тарсан (и-мэйлийн програм, утасны ярианы түүх, мессенжер, excel, дэвтэр, …) байдгийг CRM нэг дор төвлөрүүлдгийг ойлгочихвол харин ч цаг хэмнэнэ.

      • Өөрчлөлт сайн зүйл гэдгийг ойлгуулах нь чухал. Жишээ нь: вэб сайт, мессенжер, фэйсбүүкийн сурталчилгаа зэргийг CRM системд холбосноор боломжит худалдан авагчийн сэжмийг борлуулалтад автоматаар өгч болно. Өглөө ирээд CRM-аа нээхэд бүтээгдэхүүн үйлчилгээг авах сонирхолтой хүмүүс харагдаж байвал борлуулалтынхан хэрэглэх дуртай байна.

      • Болохгүй, бүтэхгүй, өөрчлөхгүй гэсэн эсэргүүцлийг давахад удирдлагууд ба маркетингийн багийн манлайлал чухал. Гүйцэтгэлийн үнэлгээний хэмжүүр үзүүлэлтүүдийг CRM системээс авах, цалин урамшуулалтай уяж өгөх хэрэгтэй.

      • Өдөр, долоо хоног, сар тутмын явцыг удирдахад CRM-ын хяналтын самбарууд ашигласнаар өдөр тутмын хэрэглээ болдог. Шуурхай хурал дээр за чиний өнгөрсөн долоо хоногийн борлуулалтын явц, хийсэн уулзалт ба дуудлагууд ийм байна, яагаад вэ гээд асуух хэрэгтэй. Ажлаа хийгээгүй эсвэл өгөгдлөө оруулаагүй байсан борлуулалтын менежер дараагийн хурал дээр ажлаа ч хийсэн, өгөгдлөө ч оруулчихсан сууж байх вий.

      • Дан хариуцлага тооцох бус урамшуулах, сэдэлжүүлэх бас хэрэгтэй. Өөрөө ажилдаа хэрэглээд үр дүн гаргаад зогсохгүй шинэ ажилтнуудаа зааж сургадаг ажилтнаа урамшуулахад яагаад болохгүй гэж?

    Программ ашиглахаас төвөгшөөдөг

    Бизнест технологи, дижитал шилжилт чухал гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрнө. Гэтэл ажил амьдрал дээр программ хангамж хэрэглэхээс төвөгшөөх, зайлсхийх, шалтаг тоочих нь олонтоо.

    “Удирдлагууд шахаж шаарддаг тайланг нь excel дээр гаргахад цаг их орж байгаа. Бас юун программ бэ?”

    “Ажил их байна. Борлуулалтаа хийгээд зав алга. Хэзээ нь программд мэдээлэл оруулах юм бэ?”

    “Юун CRM бэ? Бид борлуулалтаа хийгээд завгүй байна.”

    Шийдэл:

        • CRM системүүдээс сурахад хялбар, хэрэглэхэд энгийнийг сонгох нь зүйтэй. Salesforce, SAP, Oracle, Microsoft Dynamics гээд дэлхийн түвшний шийдлүүд нэлээдгүй бий. Барууны том компаниуд ашигладаг, үр дүнтэй байдаг. Харамсалтай нь хэт нарийн төвөгтэй олон функц, боломжууд нь эсрэгээрээ манай Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд саад болдог. Үнэгүй эсвэл хямд, энгийн хялбар шийдлүүд сонгоод суралцангаа, шат дараатай ахиж болно. Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр хэн ч хэрэглэж чаддаггүй, өндөр үнэтэй програм авах нь цагийн гарз, үргүй зардал болчихдог.

        • CRM дээр хэрэглэгчийн өгөгдөл оруулах процессыг автоматжуулж гараар өгөгдөл оруулахыг багасгах нь чухал. Уулзалт, дуудлагын тэмдэгдэл зэргийг гар утасны аппаар хийж сурснаар дахин дахин ажил бололгүйгээр дор бүр нь өгөгдлөө оруулчихдаг.
        • Аливаа мэдээллийн системийг хэрэглээ болгоход сургалт, нэвтрүүлэлт нэн чухал. Хэрхэн ашиглахаа ойлгоогүй хүн хэрэглэхгүй нь тодорхой. Программ хангамж тул самбарт багш заагаад тэр бүр сурчихдаггүй. Ажлын байрны практик сургалт зайлшгүй хэрэг болдог.

      CRM системийн ач холбогдлыг ойлгоогүй

      “Би ажилдаа сайн, туршлагатай. Программтай, программгүй чаддаг л байсан, чадсаар байна, чадах ч болно.”

      “Өнөөдөр CRM хэрэглэ гэж шахаж л байна. Удахгүй ажлын садаа, цагийн гарз гэдгийг ойлгоно доо.”

      Шийдэл:

      Дургүйд хүчгүй гэгчээр яагаад хэрэгтэй нь тодорхойгүй ажлыг хүн төвөгшөөдөг. CRM систем нэвтрүүлснээр чухам ямар зорилго, зорилт, үр дүнд хүрэх гэж буй талаар багаараа нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Жишээ нь:

          • CRM системийг ганцхан борлуулалтынхан бус байгууллагын бусад багууд ч ашигладаг. Борлуулалтын багийнхны бий болгосон өгөгдөл маркетингаа сайжруулахад тусална. Харилцагчийн бүрэн дүүрэн түүх байх, чухам юуг хэзээ яаж худалдаж авсан түүхийг шууд харчихаж чадах тул үйлчилгээ ч сайжирна.

          • Маркетингийн үр өгөөжийг борлуулалтаар хэмжих өөрөөр хэлбэл яг хаана идэвхижүүлсэн юунаас борлуулалт өсөөд байгааг маркетингийнхан шууд харж чадах байх нь ямар ч бизнест чухал. Бүх л байгууллага фэйсбүүк сурталчилгаа хийдэг болсон энэ цаг үед аль бүүстээс борлуулалт хийгдээд алинаас нь хийгдэхгүй байгааг харчихад л эхний том алхам болно. Борлуулалтын өгөгдөлд суурилан сурталчилгаагаа чиглүүлэх нь үр дүнтэй байж чадна.

        Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

        Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцаарай.

        Амжилт хүсье.

        Холбоотой нийтлэл

        Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж
        Маркетингийн блог
        Batzorig Begzsuren

        Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

        Өмнөх нийтлэлүүдээр бид та бүхэндээ чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай болон мессенжерийн чатботын сонирхолтой боломжуудын талаар хуваалцаж байсан билээ. Харин энэхүү нийтлэлээр чатбот

        Дэлгэрэнгүй
        Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?
        Автоматжуулалт
        Batzorig Begzsuren

        Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?

        Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй. Үүнтэй зэрэгцэн эдгээр системүүдийг харилцан

        Дэлгэрэнгүй

        Үйлчилгээний үнийн санал авах

        Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
        Popform
        Үнийн санал авах үйлчилгээ
        Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.